Эзэн Есүс Христийг дагаж амьдаръя

Филиппой 2-р бүлгээс

1 Тиймээс хэрэв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрэв хайрын тайвшрал байгаа бол, хэрэв Сүнсний нөхөрлөл байгаа бол, энэрэнгүй болоод өрөвчхөн сэтгэл байгаа бол, 
2 адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгдэн, нэгэн бодолтой байж, намайг гүйцэд баярлуул. 
3 Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, 
4 хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. 

1-р зүйл дээр гарч байгаа бүхнийг бид нар эхлээд Эзэнтэй харилцах харилцаанд, дараа нь бусадтай харилцах харилцаанд маань байгаа эсэхийг бодож үзье.

Алтан нар өдөр бүр мандаж биднийг гийгүүлдэг шиг Бурханы хайр бидний дээр цаг үргэлж байж, бидний амьдралд түүний тусламж, дэмжлэг үргэлж бий. Харин бид нар энэ агуу хайрыг харж чадаж байна уу? Тэгвэл өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Есүс Христээс надад дэмжлэг ирдэг үү? Христ итгэгч ах дүү, удирдагч пастораас чинь дэмжлэг, тусламж, урам зориг ирдэг үү?

Бурханаас, итгэгч ах дүү нараасаа хайрын тайвшрал байна уу? Ариун сүнстэй нөхөрлөх нөхөрлөл та нарын дунд байна уу? Эзэн бидний гэм нүглийг уучилж, биднийг энэрч өрөвдсөн шиг та нар бас энэхүү энэрэнгүй сэтгэлээр амьдарч байна уу?

Үнэндээ бид нар маш их хувиа хичээсэн, би төвтэй амьдралаасаа болоод бидэн рүү ирж байгаа энэ бүх хайр, өршөөл, нандин бүхнийг заримдаа харах нүдгүй болдог. Өрөөндөө хөшгөө татсан үед, эсвэл үүл гарсан үед аль хэдийн мандсан байгаа нарыг харж чадахгүй болдог шиг, бидний хувиа хичээсэн сэтгэл энэ бүхнийг харах нүдийг маань сохолдог.

Мөн түүнчлэн хайрыг харж ухаарахгүй бол бусдыг шүүж, бусдыг хайрлах битгий хэл өөрийгөө ч хүлээн зөвшөөрч чадахгүйн дээр, өөрийн жинхэнэ үнэ цэнийг олж мэдэхгүй сэтгэлийн зовлон шаналал, уур бухимдал, санаа зовиур, тайвшрал байхгүй амьдарсаар байдаг. Үүгээр барахгүй Ариун Сүнстэй нөхөрлөх  үед ойлгохгүй хүсэхгүй зүйлүүдийг хийх хэрэгтэй болж, мөн тэрээр бидний гэм нүгэл рүү минь хатгаж сануулах үед бидэнд тааламжгүй байдаг. Иймээс бид мэдрэмжиндээ илүү захирагдаж Ариун Сүнстэй нөхөрлөж чадахгүй, харин ч түүнийг гомдоож бөхөөдөг. Үнэндээ хувиа хичээж, би төвтэй амьдардаг хүн жинхэнэ баяр хөөр байхгүй, хамгийн эмгэнэлтэй амьдралаар амьдардаг.

Тиймээс бид эхлээд Эзэн намайг хайрлаж байгаа тэр хайрыг харах гэвэл би, намайг, надад гэсэн харанхуйн хөшгийг зайлуулах хэрэгтэй. Эзэн Есүс биднийг хэр их хайрласныг харах нүд маань нээгдэх үед бид өөрсдийн хэр их үнэ цэнэтэйг, мөн хэр их хайрлагдсанаа мэдэх болдог. Эзэний тэр агуу хайрыг улам бүр мэдэх үед өөрөө өөртөө хайртай болж, өөрөө өөрийгөө хайрлаж эхлэнгүүт бусдыг ч бас хайрламаар санагддаг. Цаашлаад Ариун Сүнсний үгийг бадрааж дуулгавартай байхад эхэндээ ойлгохгүй зүйл байдаг ч, дараа нь энэ л зөв зам байсныг мэдээд бидний сэтгэл баяр хөөр, талархлаар дүүрэн болдог билээ.

Иймд Эзэн биднийг хэрхэн хайрлаж, Эзэн хэрхэн сэтгэж байсан шиг бид нар ч адил сэтгэж, адилхан хайрлаж, нэгэн сэтгэлтэй байцгаая. Эзэн Есүсийн даруу зүрх сэтгэлийг өвлөж, бусдыг өөрөөсөө дээр гэж үзэн, өөрийгөө төвд тавьсан хувиа хичээсэн эмгэнэлт амьдралаас Бурханыг, бусдыг төвд тавьсан гайхамшигт амьдралаар Эзэнийг даган амьдарцгаая.