Эзэн Есүс Христийг дагаж амьдаръя-2

Филиппой 2:5-11

5 Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. 
6 Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, 
7 харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. 
8 Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. 
9 Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. 
10 Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, 
11 мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.

Эзэн Есүс Христийг дагаж амьдрахын тулд бид Бурханы хайранд хандсан туйлын итгэл байх хэрэгтэй. Эзэн Есүс Христ Бурханы дүрээр оршин байсан боловч махан биеийг өмсөж, дэлхий дээрх үйлчлэлийг хийхдээ үргэлж Бурхантай харилцаж, завгүй байх тусмаа Бурхантай холбогдох цагийг гаргадаг байсан. Тэгвэл гэм нүглээр дүүрэн, Бурханы мөн чанар, оршихуйг ч гүнзгий мэдэрч чадахгүй бид илүү их Бурхантай ойртох хэрэгтэй юм. Өөрсдийн бүтэн өдрийн амьдралаа эргэн нэг хараад амьдралд тань Бурхангүй цаг мөчүүд хэр их байгааг, мөн аливаа зүйл тохиолдоход Бурхан надад хайртай юу гэсэн асуулт дотор тань хэр их төрж байгааг бодож үзээрэй.

Хэрхэн бид нар Бурханы хайранд итгэж байгаа эсэхээ мэдэх вэ? Бидний итгэл ямар үед шалгагддаг вэ? гэхээр зовлонгийн цаг үедүүдэд юм. Итгэлийн амьдралаар амьдрахдаа бүх зүйл хэвийн, хайр ивээл дүүрэн, Бурханд нандинаар хэрэглэгдэж, эрүүл мэнд, ажил төрөл, гэр бүл бүх зүйл сайн сайхан байх үед Бурхан намайг хайрладаг, мөн өөрийгөө маш их итгэлтэй гэж андуураад явдаг. Гэтэл жаахан сорилт, Бурханы хайр ивээл ирэхгүй байгаа юм шиг санагдах үед нөгөө итгэл маань ганхаж эргэлзээ болж эхэлдэг. Гэвч жинхэнэ итгэлтэй хүний хувьд амьдралд ямар ч нөхцөл байдал ирсэн сорилт, уналт гэж байдаггүй. Тиймээс бид нар эргэлзээгээ Бурханы үгээр ялан дийлж, итгэлийн сорилт ирэх үед тэр бүгдийг итгэлээр даван гарах бэлтгэгдсэн хүмүүс болох хэрэгтэй.

Бас Эзэний даруу дуулгавартай занд суралцах хэрэгтэй. Чиний дотор бардам зан болох би гэсэн тодорхойлолт хэр их зайг эзэлж байгааг, өөрийгөө өргөмжилж дөвийлгөсөн байдал байгаа эсэхийг, бусдыг хэр хүлээн зөвшөөрч хүлээн авч байна вэ гэдгээ хараарай.

Итгэлийн амьдрал бол дэлхийгээс эсрэг зүйлийг заадаг. Өргөмжлөгдөх гэвэл дорд болж, дээшлэх гэвэл доошлох хэрэгтэй. Ингэж өөрийгөө дорд болгон үхүүлэх үед Бурханы жинхэнэ амийн хүчийг бид амсаж мэдэх болно. Гэхдээ бидний хувьд өөрийгөө дорд даруу болгоно гэдэг нь сонсогдож байгаа шигээ амархан зүйл биш. Амаргүй ч аажим аажмаар өөрийгөө дасгалжуулах үед бардам зан бага багаар үхэж даруу занд суралцах болно. Юу юуны түрүүнд бид Бурханы өмнө даруу байж сурах хэрэгтэй. Бурхан бол бүтээгч харин бид түүний бүтээл гэдгээ мэдэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө авч явах биш бүтээгчийнхээ заавраар Бурханы төгс хүчит мутрын дор өөрийгөө даруу болгож амьдарна. Ингэж Бурхантай харилцаа чинь зөв болвол бусадтай харилцаа тогтоох ч амархан болдог.

Мөн Эзэн Есүст байсан дуулгавартай байдал. Эзэнд дуулгавартай үйлчилье гэвэл бид нар эхлээд харагдаж байгаа эрх мэдэлд захирагдаж сурах хэрэгтэй. Бурханы бидний өмнө тавьсан хүмүүс, тэдний бидэнд өгч байгаа удирдлага чиглүүлэг, заавар зөвлөгөөг дагах чадваргүй бол харагдахгүй Бурханд, Ариун сүнсний ойлгомжгүй зааврыг даган биелүүлж чадахгүй. Тиймээс эрх мэдэлд захирагдахаар дамжуулан өөрийн дотор байгаа дуулгаваргүй, бардам занг үхүүлж, дуулгавартай байдалд суралцах хэрэгтэй.

Даруу зан болон дуулгавартай байдал бол нэг зоосны хоёр тал. Чи дуртайгаар дуулгавартай дагаж байна гэвэл чи өөрийгөө даруу болгож байна гэсэн үг. Гэхдээ бид нар гэнэт автоматаар даруу, дуулгавартай нэгэн болно гэж байхгүй, тиймээс бид нар санаатайгаар, шийдэлтэйгээр өөрсдийн бардам, дуулгаваргүй занг дасгалжуулах хэрэгтэй.

Надад төрсөн мэдрэмж болгоны дагуу үйлдэж, уур хүрвэл уурлаж, юу хүссэнээ хэнд ч хамаагүй хэлээд явахын оронд зориудаар мэдрэмжээ ялан дийлж, бусдыг өөрөөсөө дээр тавих үед бардам зан чинь үхэж эхэлнэ. Тиймээс санаатайгаар шийдэл гаргаж Ариун Сүнснээс тусламжтайгаар ариусгалын энэхүү замаар хичээнгүйлэн алхах хэрэгтэй.

Ингэж итгэлийн замаар хичээнгүйлэн алхах үед Бурхан бидний дотор Христийн дүр төрхийг бий болгож өгч буйг харах болдог. Өмнө байсан би-гээрээ дүүрэн хуучин хүн маань үхэж, Христ Есүсийн дүр төрхтэй шинэ хүн улам бүр миний дотор сийлэгдэж байгааг хараад бид Бурханд талархах болдог билээ. Түүгээр ч барахгүй бид нар ингэж Эзэн Есүсийг дагаж амьдрахад Бурхан бидний амьдралыг ерөөж, биднийг өргөмжилж өгөх болно.

Бидний амьдрал Эзэн Есүс Христийг даган дуурайсан, түүний итгэл, даруу, дуулгавартай байдлыг өөрсдийн хүн чанар, үг үйлдэл, амьдрал болгож, олон хүнд Христийг гэрэлтүүлэх хүмүүс болно гэж итгэж байна.