Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу
Иохан 13: 12-17
12 Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд –Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу?
13 Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.
14 Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.
15 Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм.
16 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм.
17 Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.
Эзэн “Та нарт Би юу хийж өгсөнийг мэдэж байна уу” гэж асууж байна. Үнэхээр бид бүхэн Эзэн миний төлөө юу хийснийг ойлгож, мэдэж байна уу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй.
Эзэн бидний төлөө өөрийн амийг өгч гэм нүгэлээс минь бүрэн угааж цэвэрлэж өгсөн. Хэдийгээр Эзэний хайраар бүрэн угаагдсан ч гэсэн бидний амьдралд өдөр тутам үйлддэг зуршил болсон гэмүүд байсаар байдаг. Энэ нь яг л усанд орсон ч гэсэн хөл маань бохирдож хир болдогтой адилхан юм. Тиймээс Эзэн бидний хөлийг угаасан шиг бид ч мөн адил Эзэний энэ гайхалтай хайрын жишээгээр бие биенийхээ хөлийг угааж өгөх хэрэгтэй.
Мэдээж бусдын хөлийг угаах гэвэл түүнд хандсан хайр, даруу зан байх хэрэгтэй. Гэхдээ Ариун Бурхан, цэвэр ариун Нэгэн гэм нүгэлтэй бидний төлөө өөрийгөө золиосолж даруу болгоод зогсохгүй өчүүхэн биднийг өөрөөсөө ч илүү хайрлаж, угааж цэвэрлэсэн гэвэл бид нэг нэгнийхээ гэмтэй сул талыг хараад шүүж, буруутгах ямар эрх мэдэлтэй гэж.
Харин ч Ариун Бурхан намайг тэвчиж уучилж өршөөсөн гэвэл гэм нүгэлтэй, бохирдсон заваан хөлтэй бид бие биенээ тэвчин хүлээж авч сул дорой байх үед нь Бурханы үгээр дэм өгч, хөл дээрээ бат зогсоход нь туслах хэрэгтэй.
Мөн бидний дотор үнэхээр дагтаршсан хиртэй, сайртсан хөл шиг салахааргүй гэмийн зуршилууд байдаг. Үүнээс салахын тулд бат шийдвэртэй байж тууштайгаар үрж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Гэсэн ч дахиад л гэмээ үйлдэж байгаагаа харах үед цөхрөмөөр шантрах үе байдаг. Үүн шиг бусад нэгэн гэмээсээ болж зовж шаналж байгааг харах үедээ түүний гэмийг үүрч, залбирч, Бурхан миний гэмийг үргэлж уучилсан шиг уучлал хайр бидний дунд дүүрэн байх хэрэгтэй. Ингэж бид нар Эзэний бидэнд үзүүлсэн жишээг даган амьдрах хүмүүс болно гэж итгэж байна.