“Харанхуйгаас гэрэл рүү” Итгэгч Бямбагийн гэрчлэл
Бурхан Ааваа энэ мөчийн төлөө талархаж байна. Учир нь өөрт тохиолдсон зүйлээрээ дамжуулан Таныг таньж мэдэн бас гэрчилнэ чинээ төсөөлж байсангүй ээ. Гэвч өнөөдөр гэрчлэх болсондоо баяртай байна.
Намайг Бямба гэдэг. Одоо 30 настай, худалдааны төлөөлөгч хийдэг. Эзэн дээр ирсэн хугацаа минь гэвэл 2009 онд анх цуглаанд ирж байлаа. Түүнээс хойш цуглаанд хааяа л очиж хааяа очдоггүй ингэж явсаар сүүлийн 7 жил нь илүү шийдвэртэйгээр цуглаанд хамрагдах болсон юм. Энэ 7 жилээс сүүлийн 3 жилд итгэлийн хувьд мөн Эзэнийг таньж мэдэхийн хувьд илүү өсөлттэй жилүүд байсан. Өнгөрсөн 3 жилийн итгэлийн амьдралд өөрийн доторх бугласан хуучны шархыг олж мэдэн, тэр шархнаас болж Эзэнийг мэдэх болсон үеээсээ эхлэн Эзэнийг буруутгадаг, Түүний үг сургаалийг тэрсэлдэг байдлуудаа олж харах болсон. Энэ үеээс эхлээд л Бурхан миний дотор ажиллаж, миний гүн шархыг эдгээсээр байсаныг одоо л ухаарч байна.
Би бага байхаас л элэнц эмээ дээрээ өссөн хүн л дээ. Эцэг эх минь салж 2 тийш болохдоо хүүхдүүдээ хуваан авч салсан гэдэг юм билээ. Ээж том эгч бид 2-г элэнц эмээ дээр үлдээгээд хот уруу яваад эргэж ирээгүй юм. Би багаасаа л өөрийгөө эцэг эхгүй гэж боддог байсан. Тэгээд л ээж, аавтай болмоор байна гэж уйлж эмээгээ болон хамаатнуудаа зовоодог байсанаас болоод манай хамаатны эгчийн ажлын хүний дүү нь намайг үрчилж авсан юм. Тэр үед би 6 настай байсан юм. Тэр айлд жил гаран амьдрахдаа эхлээд их сайхан байдаг байлаа. Гэвч удалгүй хойд ээж намайг зодож, хонь хариулах болон өдөржин аргал түүлгэдэг болсон. Тэгээд бас хойд аав, хойд ээжтэй таарамжгүй байдаг байсанаас болоод хойд ээж хойд аавыг өөртөө ойртуулдаггүй байсаныг санадаг юм. Тэгээд л хойд аав намайг 1 биш удаа хүчирхийлсэн юм. Энэ бүхэн сэтгэлд минь маш том харанхуй дурсамж үлдээсэн. Мартах гэж хичнээн оролдоод ч мартагдахааргүй дурсамж. Нэг удаа намайг эмээтэй минь уулзуулах гэж эмээгийнд авчирсан юм. Тэр үед энэ хүмүүс намайг зоддог гэж эмээгийнхээ хүүд хэлсэнээр ах минь намайг дахин тэр айл уруу явуулаагүй юм. Гэвч би хойд аавдаа хүчирхийлүүлсэн тухайгаа хэнд ч хэлж чадаагүй юм. Тэр үеэс тэр харанхуй дурсамж намайг эвдэж олон зүйлд урам хугарч, гутарч өөрийгөө буруутгаж, эрэгтэй хүмүүсийг үзэн ядаж, ирээдүйн найдвараа алдах шалтгаан болсон байсныг Христ дээр ирээд үг сонсох үеүддээ ойлгосон юм.
Тэгээд сургуульд орж олон хүүхдийн дунд орох үед бүгд намайг хүчирхийлүүлж байсныг мэддэг юм шиг санагдаж үргэлж айж ичиж, нуугдмаар зугтмаар санагддаг байсан. Дунд ангид орж эрүүл мэндийн хичээл орох үед би ямар 1 өвчтэй юм шиг санагддаг байсан. Би өөрийгөө ямартаа ч эрүүл биш гэж бүрэн итгэлтэй байсан. Энэ мэдрэмж маш гүн учраас ирээдүйд хүнтэй сууж ээж болно гэдэг найдвар болон төсөөлөл ч байгаагүй. Эрэгтэй хүнийг үзэн ядснаас болоод эрэгтэй хүнийг хүндэтгэх хайрлах талаар суралцахыг хүсээгүй. Эдгээр бүх мэдрэмж, айдас түгшүүр ичгүүртэй байдал, хаягдаж гээгдсэн мэдрэмж, амар тайван биш бүх зүйл миний итгэл найдварыг, урам зоригийг мөн өөрийгөө хайрлах хайрыг үгүй хийсэн байсныг Эзэн дээр ирээд Түүний хайрыг мэдэх хүртлээ мэдээгүй байсан юм билээ.
Тэгээд Эзэн дээр ирээд Бурхан надад хайртай гэж сонсох үед Бурхан шударга бус санагдсан. Өнгөрсөнд намайг тэр бүх дундуур явж байхад Бурхан хаана байсан юм, яагаад намайг хамгаалаагүй юм гэж Бурханыг буруутгаж байсан. Тэгээд л бүх зүйлд Бурхан буруутай мэт санадаг байсан. Тэгээд л Түүний намайг гэх хайранд итгэдэггүй, тэрслүү мөртлөө цуглаанд явдаг хүн байлаа.
Гэвч Бурхан миний дотор 2016 оноос эхлэн гүн гүнзгийгээр хүрч энэ шарх, сорвийг эдгээх гэж Өөрийн үгээрээ, мөн Өөрийн дагалдагч нараараа дамжуулан ажилласаар байсан. Бурханы Хүү Есүс миний төлөө загалмай дээр зовлон эдэлж шаналсныг сонсох бүрт итгэдэггүй байсан юм. Учир нь миний дотор би л их зовсон, би л шархалсан намайг ойлгох хэнч байхгүй гэсэн хатуу бодол байснаас тэр л дээ.
Гэвч өнөөдөр би гэрчилж байна. Өнгөрсөнд туулсан тэр бүх харанхуй бараан бүхэн Есүс миний төлөө үүрсэн зовлон зүдгүүр, шарх сорвитой харьцуулшгүй өчүүхэн байсаныг….. Хэзээ ч хэнд ч хэлэхгүй гэж дотроо хав дарсан энэ шарх ингэж гэрчлэгдэх болтлоо эдгэрсэн байгааг…. мөн намайг орхиж яваад эргэж ирээгүй ээж аавыгаа үзэн ядаж тэд ч бас буруутай гэж буруутгасан буруутгалаас чөлөөлөгдсөн өө …. Хүн мэдчих вий гэж айдаг тэр айдснаас чөлөөлөгдсөнөө, мөн үргэлж өөрөөсөө ичиж өөрийгөө хүлээж авч чадахгүй байсан байдал өөрчлөгдөж байгааг харахдаа энэ бол Бурханы надад хандсан гүн хайраас болоод эдгэрсэн гэж гэрчилж байна.
Эмтэрч, эвдэрсэн намайг хэн ч хүлээж авахгүй гэж итгэдэг байсан намайг Бурхан ийм бохирдсон, эмтэрч хугарсан бас Өөрт нь маш их уурласан надаас юу ч асуулгүйгээр байгаагаар минь Тэр тэвэрч намайг Өөртөө хүлээн авсан юм. Өнгөрсөн амьдралынхаа хаана нь ч ийм зүйл болно гэж төсөөлж байгаагүй юм.
Тэр намайг хүлээн аваад зогсохгүй….Би чамайг мэднэ ээ гэсэн. Чиний юу туулсан, юу мэдэрсэн бас буруу юу хийснийг чинь мэднэ гэсэн. Бурхан намайг мэдсэн хэрнээ хайрлахаа зогсоогоогүй одоо ч хайрласаар байна. Тэр хэлэхдээ Би чамд хайртай, чиний туулсан бүхнээр дамжуулан одоо ч тийм зүйлийг туулж байгаа тийм нэгнүүдийг чамаар дамжуулан аврах гэж чамайг сонгож дуудсан гэсэн…….
Бурханы энэ их хайр намайг чөлөөлсөн бас эдгээсэн.
Энэ дэлхий ертөнц дээр өөр юу ч бай хэн ч бай энэ эдгэрлийг Бурхан шиг төгс хийж чадахгүй гэж итгэлтэй хэлэх байна. Тиймээ одоо ч би заримдаа алдаа гаргадаг, бас зарим буруу зан ааш байсаар байдаг тэглээ гээд би өмнөх Бямба байхаа больсон. Одоо илүү эмх цэгцтэй ямар ч хэмхэрч эвдэрсэн ул мөргүйгээр бүрэн эдгэрээд явж байгаа нэгэн болсон. Бурхан миний итгэл найдварыг сэргээсэн, Тэр мөрөөдлийг өгсөн, намайг босгон байгуулж эдгээсэн, Бурханы доторх хүсэл мөрөөдлөөр дүүргэсэн, урам зоригийг өгсөн.
Тиймээс үлдсэн амьдралдаа энэ гэрэл гэгээтэй Бурханы хайрыг улам илүү мэдмээр байна. Энэ амар тайван байдлыг, ичгүүр болон айдасгүй амьдралыг, найдвараар дүүрэн байдлыг үлдсэн амьдралдаа үргэлж мэдэрч амьдрахыг хүсэж байна. Бурхан минь ээ маш их талархаж байна. Миний төлөө үүрсэн зовлон бүрийг тань үнэ цэнэтэй байлгамаар байна. Бурхан Эцэг минь баярлалаа. Тэнгэрлэг Аав танд бүх алдар нь байх болтугай! Амен