Бурхан Хамт Христийн Чуулган Христмас баярыг тэмдэглэлээ

Бурхан Хамт Христийн Чуулган 2024 оны 12 сарын 25-ны өдөр “Даруу Хаан” Христмасын баяраа тэмдэглэж, энэ харанхуй дэлхийд гэрэл болон мэндэлсэн Эзэн Есүсийг зүрхэндээ угтан авч, баяр баясгалан, нигүүлслээр дүүрэн цагийг өнгөрүүлжээ. Ивээл дүүрэн магтаалын цагийн дараагаар чуулганы пастор Сара Иохан 3:16 болон Исаиа 9:6-7-р ишлэлүүдэд үндэслэн хүн төрөлхтөнийг хайрлаж, харанхуй дэлхийг гэрэлтүүлэхээр Хүүгээ илгээсэн Бурханы хайр, гэмт хүний амьдралд авралыг авчрахаар энэ дэлхийд мэндэлсэн Эзэн Есүсийн золиослол хайрыг онцолсон сургаал айлдсан байна.

Эзэндээ зориулж Христмасын хүндэтгэл өргөсний дараагаар чуулганы гишүүд Эзэн Есүстээ зориулан төрсөн өдрийн дууг хамтдаа дуулцгаан, амтат бялууг талархан идэцгээв. Христмасын баярын хөтөлбөр нь Эзэнээ магтсан тусгай магтаалын цаг болон “Даруу Хааныг дагаж амьдарья” гэсэн хөгжөөлт цагаар үргэлжилж, Эзэний үлгэр жишээг даган сонирхолтойгоор, баясгалантай, халуун дулаан уур амьсгалтайгаар бие биендээ үйлчилж, Эзэнийхээ энэ дэлхийд мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.