Сүнслэг санаачлага

“…Үхэгсдээс бос…”  Ефес 5:14

Аливаа санаачлага, анхны алхам хийх гэсэн хүсэл бүхэн Бурханаас байдаггүй юм. Хэн нэг нь магадгүй чамд “Бос, яваад бай. Хойш татаж байгаа бүхнийг хаяад, хийх ёстой зүйлээ л хий” гэж хэлж болох юм. Энэ бол хүний гаргах энгийн л санаачлага.

Залуу байхад бидэнд янз бүрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл байдаг. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт бид нар тэр бүгдийгээ биелүүлэх хүч байхгүйгээ ухаарах болдог. Бид хийхийг хүсэж байгаа зүйлсээ хийж чаддаггүй, тиймдээ ч бидний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл нь үхмэл болсон мэт санагдах үе байдаг. Гэхдээ Бурхан бидэн рүү хүрч ирээд “Үхэгсдээс бос” гэж хэлдэг. Ингэж Бурхан бидэнд урам зориг өгөх үед, энэ нь биднийг “үхэгсдээс босох”, мөн боломжгүй ч боломжтой болгох хүчтэйгээр бидэн рүү ирдэг.

Сүнслэг санаачлагын онцлог нь эхлээд бид нар “босож, явах” үед, амь ба хүч нь бидэн рүү ирдэг. Өөрөөр хэлбэл Бурхан бидэнд ялан дийлэх амийн хүчийг эхлээд өгдөггүй. Харин бид нар ялах үед Бурхан бидэнд хүчийг өгдөг. Бурханаас ирэх урам зориг нь бидэнд хүрч ирээд “Үхэгсдээс бос” гэж хэлэх үед бид нар өөрсдийгөө босгох хэрэгтэй, учир нь Бурхан биднийг өргөж босгохгүй. Бидний Эзэн гар нь хатингаршсан хүнд “Гараа сунга” гэж хэлсэн (Матай 12:13). Мөнөөх хүн гараа сунгангуут, түүний гар эдгэрсэн. Гэхдээ тэрээр эхлээд гараа сунгах ёстой байсан. Хэрэв бид нар ялах гэсэн эхлэл, санаачлагыг гаргаж, эхний алхмыг хийвэл, Бурхан тэр даруйд бидэнд хүчийг өгөх бөгөөд үүгээр бид нар Бурханаас ирэх урам зориг бидэнд байгааг бид олж мэдэх болно.

Освалд Чамберс