“Сайн Бурхан” Итгэгч Алтантуяагийн гэрчлэл

Намайг Алтантуяа гэдэг. Би 21 жилдээ чуулганд явж байна.  Намайг Бурханыг мэдэхгүй байсан үед ч гэсэн Бурхан намайг мэддэг байсан юм байна гэдгийг мэдэх үед Бурханд талархсан. Намайг бага байхад манай гэрт нэг цутгамал бурхан /хиймэл шүтээн/ манайд байдаг байлаа. Би хэрдээ таарсан асуудалтай тулгарах үед мөнөөх хиймэл шүтээнийхээ өмнө очоод залбирч гардаг байв. Залбирах тоолон хаа нэгтээгээс “Чи буруу яваад байна, энэ биш ингэвэл чиний санасан биелэхгүй” гэсэн дуу хоолойг би сонсдог байсан юм. Би чадлынхаа хэрээр тэр дуу хоолойг сонсохгүйг хичээж байлаа. Гэхдээ нэг л өдөр Тэр дуу хоолой намайг дагуулсан.  Тэр дуу хоолой Бурханы намайг дуудсан, хүсэн хүлээж байсан дуу байсан гэж би боддог. Одоо би залбирах тоолондоо зөв зүйлдээ найдан залбирч байгаагаа мэдэрч Тэр дуу хоолойнд талархдаг. Итгэсэн  он жилүүдээ эргээд бодох үед миний хүчээр би Бурханыг дагаагүй юм байна Бурхан намайг дагуулсан юм байна гэж гэдгийг ухаарсан.  Тэр Эзэний дуу хоолой намайг дагуулсаар жинхэнэ амар тайван, ухаарал, зөвт байдал гээд олон зүйлсийг надад зааж өгсөн. Тэр бүхнээс хамгийн гайхалтай зүйл нь надад Тэр мөнхийн амийг өгсөнд би талархдаг.   Хүний амьдралд мэдээж санаа зовних зүйл байх боловч тулгарах асуудалдаа би ганцаараа зогсдоггүй Бурхантайгаа хамт зогсож даван туулдаг.   Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл, Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг гэж би итгэдэг. Энэ бол миний үгс биш амьд Бурханы Үг юм. Амьд Бурханы Үгс таныг ч бас хөтлөн дагуулах болтугай.