Бурхан Хамт чуулганы хүүхдийн багш чуулганы хүүхдүүд дээр айлчилжээ

Нэгэн Эзэний өдрийн дараа Бурхан Хамт чуулганы хүүхдийн цуглааны багш нэгэн хэсэг хүүхдүүдийн гэрт очиж Хүндэтгэлийн цуглааныг хайр ивээлтэйгээр зохион байгуулжээ. Хүүхдүүд удаан хугацаанд цуглаандаа очих боломжгүй байсан тул санасан сэтгэлээр маш баяр хөөртэйгөөр хүлээн авчээ.

Хүүхдийн цуглааны багш 1 Иохан 3:1-р зүйлээс Эзэний үгийг хүүхдүүддээ хуваалцжээ. Тэр хэлэхдээ “Бурхан бол бидний Аав. Бид бол Түүний хүүхдүүд. Та нар аав, ээжтэйгээ өдөр бүр ярьдаг, тэдэнд асуудлаа хэлдэг. Тийм бол Бурхан Аавтайгаа хэзээ хамгийн сүүлд ярилцсан бэ? Бурхан байгаа гэдгийг, чамайг харж байгаа гэдгийг энэ цаг хугацаанд санаж байх хэрэгтэй. Хэдийгээр цуглаандаа очиж чадахгүй байгаа ч гэсэн Бурхан бидэнтэй өдөр бүр, үргэлж хамт байгаа. Бас бидэнд хайртай. Тийм учраас өдөр бүр Бурхан чамайг харж байгааг мэдэж амьдрах хэрэгтэй. Та нар аав ээждээ асуудлаа, түүгээр ч барахгүй хөгжилтэй зүйлсээ ярьдаг шиг Бурханд хандан ярих хэрэгтэй. Тэр маш баяртайгаар чамайг сонсож асуудалд чинь тусалж, хариулж өгөх болно.” гэжээ

Мөн өдөр бүр өөрт тохиолдсон нэг сайн, нэг асуудалтай зүйлийг Бурханд хэлж, залбирах даалгаврыг хүүхдүүдэд өгчээ. Хүүхдүүд цуглааны дараа EQ чадварыг хөгжүүлэх тоглоом тоглож өдрийг хайр ивээлтэй өнгөрүүлсэн байна.